Огноо: Friday, May 21 @ 08:07:29 EDT
Сэдэв:

Архидан согтуурах, архинд донтох өвчин өнөөгийн нийгмийн хамгийн сөрөг vзэгдэл байсаар байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 37.4-мянган хvн эрvvлжvvлэгдсэн бол он гарсаар 1609 хэрэг зөрчил гарсны дийлэнхийг согтуугаар vйлджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад аанай л өссөн vзvvлзлт юм.ЗЦГ-т хоногт 30-40 согтуу жолооч саатуулагддаг агаад тэдний буруугаас болж он гарсаар 193 осол гарсан байна. Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй 124 архины vйлдвэр vйл ажиллагаа явуулдаг бол тvvнийг зарж борлуулдаг 5024 дэлгvvр ажилладаг. Мөн монголчууд жилд 3156.8 тонн спирт, 5510 тонн архи, дарс vйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ гадаадаас орж ирдэг 10 сая литр согтууруулах ундааг тооцохгvйгээр шvv дээ. Энэ бvх хэрэглээ монгол хvнийг архинд донтоход хvргэж байгаа бөгөөд vvнийг дагаад ядуурал, гэмт хэрэг өссөөр байгаа юм. Сэтгэцийн эрvvл мэндийн vндэсний төвийн Донтох эмгэгийн тасгийн тэргvvлэх зэргийн их эмч, клиникийн профессор С.Мөнхтуяатай архинд донтох өвчний талаар ярилцлаа.
-Архинд донтох эмгэг гэж юу вэ?
-Манай донтох эмгэгийн тасаг гурав дахь шатны буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж vзvvлдэг. Донтох эмгэг сvvлийн vед нэмэгдэж байгаа. Дэлхийд дээр 500-гаад мянган төрлийн донтох эмгэгийн эм бэлдмэл байдаг гэж vздэг. Донтох өвчний шалтгаан олон янз. Архидан согтууралттай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэхэд хяналт тавих vндэсний хөтөлбөр гээд олон хууль баталсан ч хуулийн хэрэгжилт муу байна. Өнөөдөр хvмvvс албан тушаалаа ашиглах, ажлаа бvтээхийн тулд архиддаг болсон. Идээний дээж гэдэг утга алдагдаж, хэтрvvлсэн хэрэглээ болж. Мөн баасан гаригийн оройг бvх нийтийн архидах өдөр болгосон нь архинд донтох өвчлөл vvсэхэд нөлөөлдөг. Хvний биед архийг задалдаг фермент гэж бий. Монгол хvний архи задлах чадвар европчуудынхаас хоёр дахин бага байдаг учраас монголчууд архийг бага хэрэглэх ёстой гэсэн биологийн шинж чанар бий. Зарим хvн “надад архи таардаггvй” гэж ярьдаг. Ийм хvмvvс архинд хяналт тавих чадвар сайтай баидаг тул архинд донтох өвчинд өртдөггvй. Угаасаа бие нь ч хvлээж авахгvй. Гэтэл архи уусан ч согтдоггvй, маргааш нь хордлого өгдөггvй гэх зэргэар архи даадаг гэдэг хvмvvс өөртөө хяналт тавихгvй хэрэглэснээс болж архинд орж байна. Мөн тухайн хvний зан чанар, бусадтай харилцах харилцаанаас шалтгаалж архинд хандах хандлага өөр өөр байдаг. Санаа бодлоо бусдад нээлттэй хэлж чаддаг буюу стрессээ амархан тайлдаг хvн архинд бага ордог. Харин цөөн найзтай, бусадтай хаалттай харилцаатай хvмvvс архийг сэтгэл санаа тайвшруулагч, яриа хөөрөө оруулагч мэтээр харилцааны хэрэгслvvр болгож хэрэглэдэг.
-Сvvлийн vед залуус архинд орох нь ихэслээ?
-Залуу болон хөгшин хvмvvсийн хор эсэргvvцэх чадвар бага учраас архинд амархан ордог. Ганцхан сарын дотор ч архинд донтох өвчтэй болж болно. Хvмvvс архийг хэрэглэх ёстой мэтээр ойлгодог. Архи бол химийн хортой бодис шvv дээ. Хvний уураг тархийг сонгож vйлчилдэг. Эхлээд тархийг сэргээх, саатуулах vйлчилгээ vзvvлж улмаар архины эрхшээлд оруулдаг. Ингэж архи уух эмгэг хvсэлтэй болохыг архины сэтгэцийн хараат болох гэнэ Нэг амсчихвал цаашаа давардаг болно. Vvнийгээ “дотор хvн халаад, би уг нь уухгvй гэж бодсон. Халуурчихсан байна лээ” гэдэг байдлаар илэрхийлдэг. Энэ нь даамжирвал архи цусаар дамжин бvх биеэр тархана. Элгэнд 80 хувь нь очиж, хоргvйжин ус, нvvрсхvчлийн хий болон гарах ёстой шvv дээ, Архи хэрэглэсний улмаас 5-10 жилийн дотор бие даасан өвчлөл vvснэ. Элэгний хатуурал, хавдар гээд эрхтэн бvрт өвчлөл vvснэ. Донтох өвчтэй хvмvvст уух мөчлөг гэж бий. Тэр хvн сардаа хоёр уучихдаг. Нэг уухдаа гурван хоног vргэлжилдгийг ойр дотныхон нь мэддэг болно. Архи уух, шартах, шараа архиар тайлах зэргээр гинжин урвалд орсоор сvvлдээ уух хугацаа нь уртсаад, уухгvй байх хугацаа нь богиносдог. Vvнийг архинаас бие эрхтний хараат байдалд орлоо гэж vздэг. Олон жил уусан хvн архи даах чадваргvй болно. Ингэсээрархинддонтох өвчний төгсгөлийн шатанд хvрдэг. Ер нь архинд донтох өвчин хэнд ч, хэзээ ч vvсч болно. Ялангуяа эмэгтэй хvн архинд донтох өвчтэй болбол эмчилгээний асуудал хvнд тусдаг. Биологийн онцлогоос хамааран эмэгтэй хvн архинд хурдан ордог юм. Тэгэхээр эмэгтэй хvн архи сайн даадаг гэдэг нь худлаа шvv. Даадаг гэсээр л хvн архичин болдог.
-Монголчуудын архины хэрэглээний төвшин ямар байна?
-Архинд донтох өвчнөөс 100 хувь сэргийлэх боломжтой. Гол нь архийг хэрэглэхгvй байх Хэрэглэлээ гэхэд нэг удаад цэвэр архийг 30 граммаас илvvг хэрэглэж болохгvй. Энэ хэмжээ эрэгтэй хvнд долоо хоногт хоёр байх бол эмэгтэй хvнд нэг удаа байна. Хэрэв та архийг яг дээрх хэмжээгээр уудаг бол насан туршдаа ч ууж болно. Хамгийн гол нь хэмжээгээ мэдээд, цаашаа хэрэглэхгvй зогсч чаддаг байх нь чухал. Гэтэл манайхан архийг замбараагvй хэрэглэдэг. Архинд донтох өвчтэй хvний эмчилгээний зарчим нь огт уухгvй байх. Уудаг хvний уураг тархинд хийсвэр голомт vvсдэг болохоор өвчнийг мэс заслын аргаар авчихаж болохгvй. Тиймээс архинд донтох өвчний хийсвэр голомт руу архи очихгvй байвал л өвчин идэвхжихгvй.
-Хvмvvс бас тамхинаас шууд гарч болдоггvй гэдэг шvv дээ?
-Алинаас нь ч шууд гарч болно. Ерөөс архинд донтох өвчний тэргvvн зэргийн эмчилгээ нь сэтгэл засал. Архи уудаг зуршлаа уудаггvй зуршилд шилжvvлэх хэв маягийг өөртөө төлөвшvvл. “Өнөөдөр л уухгvй юм шvv” гэж өөртөө уриалж, тvvндээ итгэх хэрэгтэй. Архинд донтох өвчтэй хvн архийг амь шигээ хайрладаг болчихдог. Архи өгөхгvй гэсэн хvнтэй амь насны дайсагналын байдалд ороход бэлэн байдаг. Жилээс жилд архинд донтох нь даамжирч, хугацаа алдвал эмчилгээ авахгvйд хvрэх аюултай. Мөн гомдомтгой, ууртай болох зэргээр зан төрхийн өөрчлөлтөд ордог. Хавдрыг эрт илрvvлэхэд тустайн адил архинд донтох өвчнийг эрт илрvvлбэл эмчилгээ хурдан авна.
-Танай эмнэлгийн vvдэнд архинд орсон эсэхийг шалгадаг тест байхыг харлаа?
-Тамхи, архи хэрэглэдэггvй хvн эрvvл байж чадна. Хэрэв хэрэглэдэг бол өвчтэй болохгvйн тулд өөрийгөө хянах ёстой. “Ямар нэгэн тохиолдолд хэн нэгэн таныг архи уулаа гэж зэмлэж байсан уу?”, “Архи уух тохиолдол танд гэмшил төрvvлж байсан уу?”, “Хэн нэгэн танд сануулга өгөхөд дургvйцэж байсан уу?”, “Архи уусны дараа илэрдэг таагvй нөлөөг архиар засч байсан уу?” гэсэн асуултуудад нэг удаа “тийм” гэж хариулбал хэтрvvлэн хэрэглэгч болсон байж болзошгvй гэсэн vг. Тэгэхээр ууж байгаа хэмжээгээ багасгах шаардлагатай гэсэн vг. Хоёр болон тvvнээс дээш асуултанд “тийм” гэж хариулсан бол өөртөө “архи хэтрvvлэн хэрэглэгч мөн” гэсэн онош тавьж, анхан шатны эмнэлэгт vзvvлэхийг зөвлөө. Харин бvгдэд нь “тийм” гэж хариулбал архины хамааралтай болсон байх магадлалтай тул нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Монголчууд эртнээс оюун санаагаа хамгаалж, улс эх орноо хөгжvvлэхийн тулд 40 нас хvртлээ архи хэрэглэдэггvй уламжлалтай байсан бол сvvлийн vед оюутан насаа архитай нөхөрлөсөөр өнгөрөөдөг болжээ. Залуус маань “би архи уудаггvй” гэж хэлж сурмаар байна.
-Энэ тест арай хатуу санагдах юм?
-Vнэндээ гурван хундага уудаггvй монгол хvн байхгvй гэж бодож байгаа байх. Ингэж боддог л буруу. Архинд донтох өвчинтэй улс орноороо тэмцэх учиртай. Залуус архинд дуртай сэтгэлгээтэй болсон нь энэ асуудалд улс орны бодлого шаардлагатайг харуулж байна. ЕБС-иудад архины эсрэг хичээл орох хэрэгтэй. Хvvхдvvд хvртэл архи ууж байгаа шvv дээ. Өнөөдөр зурагтаар архи, шар айрагны сурталчилгаа өдөр, шөнөгvй явах юм. Архи хэрэглэхгvй байх хvмvvжлийг шат шатандаа хиймээр байна.
-Танай тасгаар жилдээ хэдэн хvн эмчлvvлдэг вэ?
-Манай тасаг 30 ортой. Цаана нь хэвтэх хvсэлтэй дугаарласан хvн олон бий. Жилдээ 1000 гаруй хvн эмчлvvлдэг. Хvмvvс архинаас гарах хvсэл ихтэй байна уу, архинд донтох өвчин нэмэгдсэн vv, ямартаа ч манай тасгийн эрэлт хэрэгцээ, ачаалал жилээс жилд нэмэгдэж байна. Би залуусыг архи хэрэглэдэггvй хvнээс vлгэрдууриал аваасай гэж хvсдэг. Уудаг хvнд уруу татагдана гэдэг бол өөрийн гэсэн vзэл бодолгvйн шинж. Нөгөөтэйгvvр сvvлийн vед архинаас шалтгаалсан сэтгэцийн өөрчлөлт ихэссэн. Хvмvvс архины солиорол гэдэг шvv дээ. Хий юм харах, ганцаараа ярих, дэмийрэх зэргээр шинж тэмдэг нь илэрнэ. Тэгэхээр архи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулахаас нааш архидалтаас хагацахгvй.
Ядаж архины онцгой албан татварын хоёрхон хувийг архины эсрэг арга хэмжээнд зориулдаг сан байхгvй нь харамсалтай.
-Эмчилгээ хийлгэсэн хvн архинд орох нь хэр байна?
-Архинд донтох өвчтэй хvмvvс ихэвчлэн эцсийн шатандаа ирдэг болохоор бид дахин уухгvй гэж баталж чадахгvй. Өвчтэй хvн нийт хvн амын цөөн хувийг эзэлнэ. Харин vлдсэн хvмvvс өөрийгөө болон бусдыг архинд донтох өвчнөөс сэргийлэх ёстой. Өнөөдөр монголчууд архинаас шалтгаалах өвчнөөс болж богино насалж байгаа нь эмгэнэл юм.
-Гудамжны гэгддэг архичид бvр хаягдсан уу?
-Тэд бол архинд донтох өвчний эцсийн шатанд орсон хvмvvс. Бие махбодь, сэтгэцэд нь эргэшгvй өөрчлөлттэй болсон. Тэдгээр хvмvvсийг Мааньтад албадан хөдөлмөрлvvлж, нийгмээс тусгаарлах байдлаар эмчилдэг. Богино хугацаанд, цөөн хvн хамруулдаг болохоор vр дvн төдийлөн харагдахгvй байна. Харин манайх сайн дурын vндсэн дээр эмчилдэг.
М.Хангал

СҮҮЛИЙН
RSS FEED